АНТИХРИСТИЙН ТАЛААРХ ДАНИЕЛЫН ЗӨН (Даниел 8-р бүлэг)

2010 оны Даниел 8-р хичээл (06.20)

Зарлиг / Даниел 8-р бүлэг
Чухал зүйл / Даниел 8:17 
 “Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад -Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.”

Даниел 8-р бүлэг бол нэг талаараа бараг 7-р бүлгийн давталт гэж хэлж болно. Даниел библийн зохиогч нь дэлхийн хаадыг ямар агуу хүчирхэг гэдгийг нь тайлбарлахын тулд дахин 7-р бүлэгтэй адил үйл явдлыг бичжээ. Дэлхийн хаадын хүч чадал үнэхээр агуу, хүчирхэг. Гэсэн хэдий ч хүчирхэг хаанчлал болон хаант улсыг ч сөнөөн сүйтгэж чадах өөр нэгэн далдын хүч бий. Энэ нь ялангуяа Бурханд итгэгчдийг сүйрэлд хүргэдэг. 8-р бүлэгт Сатаны хүч нь Бурханы эсрэг тэмцэн, ариун хүмүүсийг устгаж, Бурханы сүмийг нураах хүртлээ улам улам хүчтэй болсоор байгааг үзүүлжээ. Бид үүнийг Антихрист буюу Диаволын үүр, нууц явуулгад гарамгай нэгэн гэдэг. Гэхдээ Бурхан түүнийг устгаж чадна. Энэ зарлигаар бид дэлхийн хүчнүүд болон антихристийн нууцлаг хүчний талаар сурах болно. 

        Зарлигийн 1,2-р зүйлийг үзээрэй. Белшазар хааны ноёрхлын гурав дахь жилд, анхны үзэгдлээс хойш Даниелд дахин нэгэн үзэгдэл үзэгдэв. Түүний үзэгдэлд тэрээр өөрийгөө Елам аймгийн Суса цайзад Улаи голын эрэгт сууж байгаагаар харав. Өмнөх бүлэг дээр 4-н хаанчлалын талаар хэлсэн бол энэ хэсэгт 2,3 –р хаанчлалыг тодорхойлж өгч байна.  Өөрөөр хэлбэл Бурхан Даниелд Вавилоны дараа аль аль улс захирахыг нэг бүрчлэн хэлж өгч байна.

         3-р зүйлд гарч байгаа “Хоёр эвэртэй хуц” гэдэг нь 20-р зүйлд Меде болон Персийн хаанчлалыг зааж байна. 4-р зүйлд энэ хаанчлалын эзлэн түрэмгийлэл болон цаашдын  хандлагийг хэлж өгсөн байна. “Харин тэрээр хүссэнээ хийж, өөрийгөө өргөмжлөв.”(4)

         Дараа нь 5-7р зүйлд гарч байгаа “Ухна” бол 21,22-р зүйлд Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх хоорондох том эвэр бол түүний анхны хаан агуу Александр юм. 8-р зүйлд энэ хаанчлал ямар байх талаар мөн хэлж өгчээ. “Тэгээд ухна өөрийгөө онцгой өргөмжилнө. Гэвч тэрээр хүчирхэг болмогц том эвэр нь  хугаран унаж, оронд нь онцгой дөрвөн эвэр тэнгэрийн дөрвөн салхийг чиглэн ургав” (8) гэжээ. 

4,8-р зүйлд дээр “Өөрийгөө өргөмжлөв” гэдэг үг олон дахин давтагдан гарч байна. Энэ 2 хаан өөрийн алдрын төлөө амьдарсан учраас төд удалгүй мөхсөн. Хүн ер нь өөрийн алдрын төлөө амьдрах үедээ мөхөж байдаг. Харин Христийн хаанчлал нь үүрд мөнхийнх билээ. Есүс өөрийн алдрын төлөө амьдраагүй. Үйлс, үйл хөдлөл бүрээрээ Бурхан Эзэнийг алдаршуулж байсан билээ. Тиймээ бид Бурханы алдрын төлөө амьдрах хэрэгтэй. Ялангуяа ололт амжилттай үедээ Эзэнд алдрыг өргөж, даруугаар амьдрах хэрэгтэй. Их хонь тэжээсэн ч гэсэн, баян болсон ч гэсэн, их мэдлэгтэй болсон ч гэсэн, сургуулиа амжилттай төгсөж, ажилд орсон ч гэсэн өөрөөрөө бахархах биш энэ бүгдийг зөвшөөрөн өгсөн Эзэн Бурханд алдрыг өргөн амьдрах нь хамгийн зөв юм. Яагаад гэвэл өөрийн алдрыг хайсан хүн нь эхэндээ сайхан байдаг боловч сүүлдээ цөхрөл, ганцаардал, уйтгар гунигт автдаг. 

Агуу Александр хаан хэдийгээр хүчирхэг хаанчлалыг байгуулсан ч эзлэх улсгүй болсондоо уйлж байсан гэдэг. Түүнээс болж зугаа цэнгэл хөөцөлдөж амьдрах болсон байна. Ийнхүү Александр хаан  хүндээр өвдөж 33-хан насандаа өөрийг нь ор залгах хүү төрүүлэлгүйгээр нас баржээ. Мэдээж тэр өвчнөөсөө болж нас барсан. Энэ үед түүний бүх эзлэн түрэмгийлэл нь дууссан, эзлэх улсгүй болчихсон байсан бөгөөд хийх ч юм байхгүй үлдсэн амьдралаа дэмий хоосон өнгөрөөж байжээ. Иймээс Сатан түүнийг гэтэж түүнийг үхэх хүртэл нь тамлан зовоосоор байжээ. 

Бид яавал бардам байдлаа даруухан болгож чадах бэ? Энэ нь ЕсүсХристийг зүрх сэтгэлтэй “Аврагч”-аар хүлээн зөвшөөрөх үед л бид даруугаар амьдардаг. Өөрийн хүслийг үгүйсгэж Есүс миний Эзэн учир түүний хүслийг биелүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Эзэний хүслээр амьдардаг хүн нь хүсэл мөрөөдлөөр дүүрэн амьдардаг. Учир нь Эзэн Есүсийн “ Явж бүх үндэстнийг дагалдагч болгогтун” гэсэн зарлиг байдаг учир сайн мэдээний төлөө насан туршдаа амьдардаг. Нэг хонийг яаж дагалдагч болгох вэ? Энэ үндэстэнийг яаж  Бурхан уруу эргүүлэх вэ? хэмээн хүсэл мөрөөдөлтэй амьдардаг. Нэг хүнийг аварсан бол дараагийн хүнийг гэх мэтчилэн насан турш хийх ажилтай байдаг билээ. Магадгүй настай болсон үедээ яг л Даниел шиг үзэгдэл үзэж, түүний төлөө хийж чадах бүхнээ хийж болох юм. Даниел шиг нэг үндэстний төлөө хичээнгүйлэн Эзэнд хандан залбирч болно. Тиймээ бидний амьдрал насан туршдаа Эзэний алдрын төлөө байх болтугай хэмээн залбирч байна.

          Одоо зарлигийн 9-12-р зүйлүүдийг үзээрэй.Тэдгээрийн доторх нэг эврээс нэгэн жижиг эвэр гарч, өмнө, дорно зүг ба Үзэсгэлэнт Орныг чиглэн онцгой том болов. 10Тэрээр тэнгэрийн цэрэгт хүрэхээр ургаж, цэргүүд хийгээд оддын заримыг газарт унагаж, уландаа гишгэв. 11Тэрээр өөрийгөө тэнгэрийн цэргийн Жанжинтай адил болгохоор өргөмжилж, Түүнээс өдөр бүрийн тахилыг холдуулж, Түүний ариун газрыг сүйтгэв. 12Нүглээс болж тэнгэрийн цэргүүд өдөр бүрийн тахилын хамтаар эвэрт өргөгдөх болно. Эвэр үнэнийг газар хаяж, дураараа авирлан, амжилт олсоор байх болно.” 

         Энэ жижиг эвэр нь МЭӨ 168 онд Грекийн бурхан Зэвсийн хөргийг Иерусалимийн сүмд байрлуулж, тахилын ширээн дээр гахайг тахил болгон өргөсөн Антиохус Епифанесыг төлөөлдөг.  Тэрээр Бурханы өргөөг бузарласан үйл ажиллагаагаа гурван жил хоёр сарын турш явуулжээ. 14 Зэвсийн хөргийг сүмд байрлуулж, тахилын ширээн дээр гахайг тахил болгон өргөсөн нь цэвэр Эзэний хууль , Эзэн Бурханыг хамгийн ихээр эсэргүүцэн явдал юм. Израйлчууд хэзээ ч гахайн махыг тахилд өргөдөггүй байсан. Хуульд ч тийм зүйл байхгүй. Антиохус Епифанесын энэ үйлдэл нь өнөөдөр Антихристүүдийг заадаг. Зэвсийн хөргийг сүмд байрлуулах буюу өөрийнхөө үзэл бодлыг төвд тавьж амьдрах, тахилын ширээн дээр гахайг тахих буюу сүмд дэлхийн хоосон яриа, эмгэдийн үлгэрүүдийг ярьдаг хүнийг хэлж байна. Өөрийнхөө үзэл бодлыг төвд тавьж амьдрах нь хамгийн ноцтой зүйл. Бурханаас илүү аав, ээж, найз нөхдийнхөө бодлоор асуудлыг шийдэх нь өөрийгөө төвд тавьсан хүний шинж. Бурханы хүсэл , зорилго зөвлөгөө нь үргэлж үнэн байж, амийн замаар хөтлөн дагуулдаг.   
         Антихристүүд юу хийх вэ? 23-24-р зүйлүүдэд “Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед,ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ. 24Тэр өөрийнхөө хүчээр бус, агуу хүчтэй болно. Тэр асар их хэмжээгээр эвдэж, амжилт олон дураараа дургих болно. Тэрээр хүчтэнүүдийг болон ариун хүмүүсийг сөнөөнө.” Мөн биднийг хамгийн ихээр хууран мэхлэх болно. 25-р зүйлийг үзээрэй. “Тэрээр хэрсүү ухаанаараа хууран эхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө. Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж, Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно.” Энэ талаар Паул “Хэн ч та нарыг ямар ч аргаар бүү мэхлэг. Учир нь эхлээд итгэлээс салах явдал гарч, сүйрлийн хөвгүүн болох ёс бусын хүн илчлэгдэхээс нааш тэр өдөр ирэхгүй” гэжээ. 
Биднийг хууран мэхэлж жаахан амжилт олох үед “Би бол хамгийн агуу нь” гэж бодоход хүргэдэг. Тиймээс хэнд ч гэсэн Антихристийн заль мэхэнд унах нь амархан байдаг. Антихристууд бол ямар ч үүрэг зорилгогүй амьдардаг хүмүүс юм. Бид тэднийг харахад тэд төгс, ямар ч асуудалгүй мэт харагддаг. Санаа зовох зүйлгүй. Тэгээд бид өөрсдийгөө “ Би юу хийгээд байна? Би яагаад ингэж ариун гэгээн, зөв шударга амьдрах ёстой гэж?” хэмээн өөрсдөөсөө асуудаг. Ийм асуулт нь биднийг ямар нэг зүйлийн цаад утгыг биш харин өнгөц, гаднах байдлыг нь харахад гарч ирдэг. Гэвч  тэдний доторх хүнийг харах сүнсний хараатай болоход тэд юу ч биш харин амиа хорлогч, мансуурагчид гэдгийг харах болно. Учир нь тэд Антихристүүдийн зовлон зүдгүүр дор амьдардаг (Дуулал 73:1-17). Бурхан уруу очин библи судлахад бид тэдний эцсийн хувь тавиланг нь олж харна. Бурхангүй амьдардаг тэдгээр хүмүүс нь Сатаны зовлон зүдгүүр, гэмийн ачаанд дарагдан амьдардаг. Тэд эцэстээ заавал Бурханы шүүлттэй нүүр тулгарах болно.

          1 Петр 5:8-д “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.” Сатан биднийг үргэлж унагахын төлөө ямар нэгэн аргаар бидэнд эргэлзээ тээнэгэлзээг бий болгож итгэлийн амьдралаас маань холдуулахыг  цаг ямагт оролдсоор байх болно. Яг дээрхийн жишээ шиг бардам болгох, өөрийгөө бусадтай хариуцуулж голох зэрэг явдлуудыг хийсээр байх юм. Бид үүнийг хараад шантрах хэрэггүй билээ. 


         Одоо зарлигийн чухал зүйлийг үзээрэй.17-р зүйлд “Тэгээд тэр миний зогсож байсан газарт дөхөж ирсэнд, би айж, нүүрээрээ газар унав. Тэр надад -Хүний хүү, энэ үзэгдэл төгсгөлийн цагт хамаарч байгаа гэдгийг ойлгогтун гэв.” Габриел Даниелд энэ үзэгдлийг харуулсан нь түүнийг сэрэмжтэй амьдрахыг сануулсан юм. Өнөөдөр ч гэсэн биднийг ийнхүү сануулж байна. Учир нь төгсгөлийн цаг одоо ирчихээд байгаа билээ. Бид энэ итгэлээс салах, антихристүүдийн гар хөл болохгүйн тулд өдөр бүр өөрийгөө хянаж байх хэрэгтэй. Библийн үгэнд анхаарлаа нарийн хандуулж , мөн залбирлаар энэ бүгдийг даван дийлэх билээ. Даниелийн итгэлийн шийдвэр мөн Бурханыхаа өмнө өдөрт 3-н удаа талархал өргөн залбирч байсан түүнд Бурхан ирээдүйд юу болох талаар хэлсэн байна. Өнөөдөр бидний энэхүү Эзэнд гаргаж байгаа золиослол бүрээр бидний залбирал бүрээр Эзэн ажлаа хийдэг. Сүнслэг цаг бүрээр дамжуулан сануулж, сэрэмжлүүлж, урам зориг, Өөрийнхөө удирдлагыг мэдүүлж байдаг. 

          Манай цуглааны үйл ажиллагаа өдөр бүр нээлттэй байдаг нь энэ Эзэний сүмд ирж сүнслэг цагаар Эзэнтэй уулзаж, залбирч авралаа баталгаажуулахын тулд байдаг. Бурханы үгэнд анхаарлаа нарийн, нягтлан хандуулсанаар Антихристүүдийн заль мэхэнд бид автахгүй байж чадах билээ. Хэдийгээр нөхцөл байдал антихристүүдийн талд байгаа юм шиг харагдавч Эзэний амласан Тэгээд бүхэл тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Түүний хаанчлал нь үүрдийн хаанчлал байх бөгөөд бүх эрх мэдлүүд Түүнд үйлчилж, захирагдан дагах болно" (Дан 7:27) гэсэн зарлигт бат итгэн амьдрах болно.   

         Зарлигаас сурсан миний хамгийн чухал зүйл бол энэ хөлбөмбөгийн дэлхий аврага шалгаруулах тэмцээн эхэлсэнтэй холбоотойгоор сүнсний назгай байдалт автах нь их амархан юм шиг санагдлаа. Бурханы үгэнд анхаарлаа хандуулахаас илүү тэмцээн анхаарлаа их хандуулж байгаа нь миний хичнээн сул дорой байгааг харлаа. Антихристийн гар хөл болох боломжтой болсон байгаагаа харлаа. Зарлигаар дамжуулан энэ бүгдийг сануулж өгсөн Эзэнд талархаж байна. Энэ цаг үед үргэлж сүнсээр сэрэмжтэй амьдрахын төлөө залбиран гуйж байна. 

       Дүгнэж хэлэхэд өнөөдөр ч гэсэн бидний итгэлийн амьдралд саад болох АнтиХристүүд байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бүрийн хамгийн том дайсан бол гадна талаас харахад хавчиж байгаа та бидний хайртай ах дүү, хамаатан садан хүмүүс бус, харин антихрист буюу биднийг Бурхан уруу ирэхэд саад болдог нүдэнд үл харагдагч сатан юм. Тиймээс бид гэмшил, талархал, гуйлтаараа Эзэн Бурхан уруу өдөр бүр очиж байх хэрэгтэй. Хүндэтгэлийн ариун өдөр ч гэсэн Эзэний өмнө байгаагаараа үнэн төрхөөрөө очих хэрэгтэй. Гэмших зүйл байвал чин сэтгэлээрээ гэмшиж, талархах сэтгэлээр дүүрэн байх хэрэгтэй.  Эзэн бидэнтэй үргэлж хамт байх болно. Амен
previous
 
 

  © Зохиогчийн эрх МУИС UBF цуглаан 2010